“Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдал” мониторингийн дүгнэлт, зөвлөмж |Г.Цогтбаатар|

2007-Dec-19,

“Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална”

                                                                                                                     Монгол Улсын Үндсэн Хууль /16.17/

2007 оны 4-р сард Авлигатай тэмцэх газраас /АТГ/ “Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг хүртээмжтэй байлгах, үйл ажиллагаагаа нээлттэй болгох, иргэдийн оролцоог хангах” талаар дурдсан 18 зүйл бүхий зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлсэн билээ. АТГ-ын захиалга, Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр “Глоб Интернэшнл” ТББ тус зөвлөмжийн хэрэгжилтэд хөндлөнгийн мониторингийг хагас жилийн хугацаатайгаар 2007 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлж дууслаа.

Мониторингийн гол зорилго нь АТГ-аас гаргасан зөвлөмжийн дагуу Төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох чиглэлээр төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа талаар бодитой мэдээлэлтэй болох, уг мэдээлэлдээ тулгуурлан зөвлөмжийн хэрэгжилтийн түвшин, хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаанд нөлөөлөгч хүчин зүйлсийг илрүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн санал бүхий ерөнхий зөвлөмж боловсруулах байсан бөгөөд миний бие тус төслийн зөвлөх судлаачаар ажилласан юм.

Зөвлөмжийн дагуу төрийн байгууллагуудаас хоёр шаттай мониторингийн мэдээлэл цуглуулах ажил зохион байгуулж нэгдүгээр шатны мэдээллийг  2007 оны 8 дугаар сарын 5-аас 10-ны өдрүүдэд бүрдүүлэн, үр дүнг 9 дүгээр сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд танилцуулсан. Хоёрдугаар шатны мэдээллийг 2007 оны 10 дугаар сарын 8-аас 19-ын өдрүүдэд бүрдүүлж, үр дүнг 11 дүгээр сарын 19-нд АТГ, Нээлттэй Нийгэм Форумд хүргүүлсэн.

Төслийн хүрээнд 1977 дугаарын утсаар төрийн байгууллагын ажилтан, албан тушаалтнуудын зөрчилтэй үйл ажиллагааны талаар иргэдийн санал, гомдлыг хүлээн авч АТГ-т долоо хоногт хоёр удаа хүргүүлж байлаа. Холбогдох мэдээллийн дагуу АТГ-аас зөрчил бүхий төрийн байгууллагын удирдлагад үйл ажиллагаагаа засч залруулах талаар шаардлага хүргүүлж байв. Ингээд та бүхэнд мониторингийн ерөнхий дүгнэлт, зөвлөмжийн талаар танилцуулж байна.

Нэг. Ерөнхий дүгнэлт, зөвлөмж

Төрийн байгууллагуудын 41 хувь нь л АТГ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Харин 12 хувь нь зөвлөмжийг судлах шатандаа байлаа бол 34 хувь нь сонссон төдий, 13 хувь нь зөвлөмжийн талаар мэдээлэлгүй байсан. Энэ нь нэг талаар АТГ 4-р сард төрийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлснээсээ хойш хяналт бага тавьсантай, нөгөөтэйгүүр сурталчилгаа хангалттай хийгээгүйтэй холбоотой.

Ерөнхийдөө төрийн байгууллагуудын олонхи нь 8 дугаар сараас хойш АТГ-ын зөвлөмжийн талаар сонссон, судалж эхэлсэн, мөн хэрэгжүүлэх ажилдаа орсон байна. Энэ нь мониторингийн судалгаа болон 1977 утасны сурталчилгааны идэвхжилтэй холбоотой хэмээн үзэж байна. Үүнээс үүдэн дараахь дүгнэлт, санамжуудыг гаргаж болно.

  • АТГ нь шинээр байгуулагдаад удаагүй байгаа тул иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах нь зайлшгүй шаардлагатай байна. Үүний нэг жишээ нь 11 дүгээр сард 1977 утасны сурталчилгааг зогсоосон нь иргэдээс ирж байсан санал, гомдлын тоо хэмжээ буурахад шууд нөлөөлсөн явдал юм. Тиймээс АТГ нь үйл ажиллагааныхаа сурталчилгааг зохион байгуулалт сайтай, зорилтот бүлгээ зөв сонгон, агуулга хэлбэрийг сайтар бодож боловсруулан, оновчтой хэрэгслээр дамжуулан цаашид тогтмол явуулах нь зүйтэй.
  • Мониторинг нь 7 дугаар сараас эхлэн 6 сарын хугацаатай үргэлжлэхдээ 8, 10 дугаар саруудад мэдээлэл бүрдүүлсэн бөгөөд энэ нь АТГ-ын зөвлөмжийн хэрэгжилт, түүний үр дүнд гарч буй төрийн байгууллагуудын үйлчилгээний чанарын өөрчлөлтийг харьцуулан дүгнэх хангалттай хугацаа болж чадахгүй юм. Тиймээс 8, 10-р саруудын харьцуулалтаар гарсан үр дүн болоод иргэдэд үйлчилж буй төрийн байгууллагуудын одоогийн үйлчилгээний нөхцөл байдал АТГ-ын 18 зүйл зөвлөмжийн үр дүнг бус тус зөвлөмжийг хэрэгжүүлэх суурь механизм ямар түвшинд байгаа талаар илүү бодитой мэдээлэл өгнө гэдгийг анхаарах хэрэгтэй.

-  Авлигатай тэмцэх газар нь зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хангахын тулд төрийн байгууллагууд уг зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих, хариуцлага болон урамшууллын механизмыг бий болгох шаардлагатай байна.

  • Төрийн байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд гарсан зөрчлийн талаарх санал, гомдлыг хүлээн авах 1977 /энгийн ярианы тарифтай/ утсыг нээлттэй ажиллуулж, ирсэн мэдээллийг судлан үзсэнээр тухайн байгууллагын удирдлагад АТГ-аас үйл ажиллагаандаа гаргасан зөрчлөө нэн даруй арилгах арга хэмжээ авч, эргэж мэдээлэхийг үүрэг болгон шаардлага хүргүүлж ажилласан нь маш ач холбогдолтой арга хэмжээ болжээ. Эндээс төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, бюрократ тогтолцоог халахад иргэдийн идэвх оролцоо ихээхэн чухал болох нь харагдаж байна. Ялангуяа үйл ажиллагаандаа хөдөө орон нутгийн иргэдийг оролцох боломжоор хангавал илүү үр дүнд хүрэх болно.
  • Төрийн байгууллагуудад АТГ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн байдлыг байнга хянан хариуцах ажил үүрэг бүхий тусгай ажилтан, эсвэл ажил үүрэг нь ижил бүтцэд албан ёсоор даалган хариуцуулах шаардлагатай байна.
  • АТГ нь дээрхээс гадна бусад олон хэлбэрээр иргэд болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг сайн хангаж байгаа, мөн түүнийг хэрэгжүүлэх идэвх санаачлага гаргаж ажиллаж буй байгууллага, иргэдийг урамшуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулах боломжтой. 

АТГ нь иргэдийн санал, гомдлыг хүлээн авахаас гадна цаашид үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж ажиллах нь АТГ-т итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх,үйл ажиллагаагаа сайжруулахад хувь нэмэр оруулах юм.

АТГ нь 3 бүлэг 18 заалт бүхий зөвлөмжөө цаашид тогтмол үйл ажиллагаатайгаа уялдуулан сайжруулан боловсруулж байх нь зүйтэй. Тухайлбал, зөвлөмжийн заалтууд хоорондын утга санааны давхардал, 3 бүлгийн хооронд шилжсэн зөвлөмжүүдийг цэгцэлж бүлэг хоорондын зааг ялгааг тодорхой гаргах. Цаашлаад зөвлөмжийн хэрэгжилтийн үр дүнг одоогийн шалгуур үзүүлэлтүүдээр хангах боломжтой эсэх, үгүй бол шаардлагагүй гэж үзсэнээ хасах, шинэ зүйл заалт нэмж оруулах, зөвлөмжийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтойг олон нийт, төрийн байгууллагуудад тайлбарлан таниулах.

Төрийн бүх шатны байгууллагуудад хэрэгжүүлэх боломжтой ерөнхий зөвлөмж, түүнийг үйл ажиллагааны чиглэл чиглэлээр тусгай зөвлөмжүүдийг хүргүүлбэл зохино.

АТГ-ын сүүлийн саруудад хэрэгжүүлж буй идэвхтэй үйл ажиллагаа, сурталчилгаа зэрэгтэй холбоотойгоор төрийн байгууллагуудад зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл явцын идэвх сайжрах хандлага ажиглагдаж байгаа нь нааштай үзүүлэлт болно.

Төрийн байгууллагуудад урьд өмнө нь огт байгаагүй болон чиг үүргээс нь гадуурхи үйл ажиллагаа явуулахыг шаардсан зүйл заалтууд АТГ-ын зөвлөмжид байхгүй бөгөөд уг зөвлөмжийн хэрэгжилтийг хангах суурь нөөц боломж хангалттай бүрдсэн байна гэж үзэж байна. Гагцхүү механизмыг ажиллуулах шаардлага тавигдаж байгаа юм.

Нэг чиг үүрэг бүхий анхан, дунд, дээд шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайтар хангаж өгвөл зөвлөмжийн зарим заалтууд богино хугацаанд хэрэгжих боломжтой юм. Тухайлбал, вэб сайтын асуудлыг үүгээр шийдэх боломжтой байна.

Авлигатай тэмцэх газар цаашид зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хянах тал дээр болон дор дурьдсан асуудлуудад илүү анхааран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Харин бусад үзүүлэлтүүд боломжтой, сайн гэж хэлж болохоор байна.

Хоёр. Төрийн байгууллагын мэдээллийг хүртээмжтэй байлгах талаар хийсэн судалгааны дүгнэлт.

Мэдээллийг хүртээмжтэй байлгах хэлбэрүүд, түүний ашиглалт төрийн байгууллагад харилцан адилгүй байна. Олон байгууллагад иргэдэд мэдээлэл түгээх самбар, мэдээлэл өгөх үүрэгтэй ажилтан байгаа бол вэб сайт, тараах материал харьцангуй бага байлаа. Үүний шалтгааныг төрөөс төсөвлөгдсөн санхүүжилт болон иргэд дээрх хэлбэрийг тэр бүр ашигладагггүйтэй холбон тайлбарлаж байв. Вэб сайттай байгууллагуудыг харьцуулж үзэхэд сайт дахь мэдээллийн агуулга шинэчлэх хугацаа гэх мэт олон зүйлээр цөөн хэдэн байгууллагаас бусад нь хангалтгүй үзүүлэлттэй байлаа.

Судалгаанд хамруулсан байгууллагуудын талаас илүүд нь иргэд хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар гомдол, санал ирүүлэхэд хэдийгээр холбогдох арга хэмжээ авах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох механизм байдаг ч гаргасан зөрчлийг арилгах тал дээр тун сул ажиллаж байна. Мониторингийн судалгаа хийх явцад үйлчлүүлж байсан иргэдийн 33 хувь нь өмнө нь төрийн байгууллагад гомдол гаргаж байжээ. Тэдний дөнгөж 13 хувь нь асуудлаа шуурхай шийдвэрлүүлж чадсан бол 35 хувь нь шийдвэрлүүлэх явцдаа хүнд сурталтай тулгарсан, 52 хувь нь шийдвэрлүүлж чадаагүй байна.

-  Төрийн байгууллагуудад үндэслэлгүйгээр төлбөр хураамж авах явдал байсаар байгааг үйлчлүүлэгч иргэдээс авсан судалгаа харуулж байна. Тухайлбал, иргэдийн 18 хувь нь дунджаар хорь гаруй мянган төгрөгийн хураамж төлсөн бөгөөд эдгээр иргэдийн 8 хувь нь БГД, БЗД, СБД, ХУД-ийн шүүхийн шийдвэр биелүүлэх алба болон Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар дээрх зөрчлийг гаргасан гэж үзжээ. Байгууллагуудын, иргэдээс төлбөр хураамж авч буй үйлдэл нь хууль, дүрэм журамд хэр нийцэж байгааг хөндлөнгөөс хяналт тавьж шалгалт хийх  шаардлагатай байна.

Төрийн байгууллагууд нь дотооддоо төсвийн зарцуулалт болон албан тушаалтнынхаа хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй байлгах тал дээр харьцангуй сул ажиллаж байна. Үүний шалтгааныг гол төлөв хууль дүрэм журмаар хязгаарласан байдагтай холбон тайлбарлаж байлаа. Байгууллагууд дотоод дүрэм журмаа бусад хууль дүрэмд харшлахгүйгээр сайтар бодож боловсруулан, үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор өөрчилж болох атал энэ тал дээр дэвшилттэй алхам хийсэн нь тун цөөхөн байгаа бөгөөд энэ нь төрийн байгууллагуудад хатуу бюрократ тогтолцоо ноёрхсон нь харагдаж байна.

Байгууллагууд иргэдийн хэрэгцээт мэдээллийг вэб сайтдаа тавьж, тавьсан мэдээллээ байнга шинэчилж байх талаар хангалтгүй ажиллаж байгаа бол мэдээлэл түгээх самбар, мэдээлэл өгөх үүрэгтэй ажилтан зэрэг бусад мэдээллийн хэлбэрүүд түгээмэл байдаг нь үйлчлүүлэгч иргэдээс авсан ярилцлага, ажиглалт, бичиг баримтын судалгаанаас тодорхой байна.

Гурав. Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй байдлын талаар хийсэн судалгааны ажлын дүгнэлт.

Хүнд суртал, чирэгдэл ихтэй, иргэдийн шийдвэрлүүлэхээр хандсан асуудлыг хуульд заасан хугацаанаас нь сунжруулдаг байгууллагуудыг  газрын албад, засаг даргын тамгын газар, замын цагдаагийн газар, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, албад тэргүүлж байв.

Байгууллагын шийдвэр гаргах үйл явц нь дотооддоо харьцангуй нээлттэй байдаг бол зөвлөмжид заасанчлан түүний үндэслэлийн талаархи мэдээлэл иргэд, хуулийн итгээдэд нээлттэй байж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь ихэнх тохиолдолд энэ чиглэлийн ажил төрийн байгууллагуудад хэвшил болоогүйтэй холбоотой байлаа.

Дөрөв. Төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж талаар хийсан судалгааны дүгнэлт.

Хэдийгээр төрийн байгууллагуудад иргэдээс санал, гомдол хүлээн авах утас, тусгай ажилтан, санал хүсэлтийн хайрцаг, дэвтэр зэрэг нөөц бололцоо байгаа ч санал гомдлыг хүлээн авах, барагдуулах механизм хангалтгүй ажиллаж байна. Үүнд нэг талаас санал, гомдлыг хүлээн авах арга хэлбэрээ сурталчилдаггүй иргэд энэ талаар мэддэггүй, үүнээс шалтгаалж хандахгүй байх нь элбэг, нөгөөтэйгүүр төрийн байгууллагуудад итгэх тэдний итгэл үлэмж алдарсан нь нөлөөлж байна.

-  Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах талаар төрийн байгууллагууд хангалтгүй ажиллаж байна.

-  Байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг олон нийтэд мэдээлэх ажиллагаа төрийн байгууллагуудад сул байна.

бичсэн: Tsogtbaatar төрөл:
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

баярлах
бичсэн Зочин цаг: 01:08, 2011-Nov-16 | Холбоос | |
rolling on the floor
бичсэн Зочин цаг: 12:08, 2010-Oct-15 | Холбоос | |
hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone
idiomatic-dormant